Сэтгүүлч Н.Өнөрцэцгийг дахин нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын саналыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шийдвэрлэжээ.
Ингэхдээ түүнд холбогдох 10 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн ээдрээ төвөгтэй байдал зэргийг харгалзан дахин нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын саналыг шүүх хүлээн авчээ.
Прокуророос Н.Өнөрцэцэгийг:
- Худал мэдээлэл тараасан гэсэн таван үйлдэл,
- Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэсэн нэг үйлдэл,
- Хувь хүний нууцыг задруулах гэсэн нэг үйлдэл,
- Татвар төлөхөөс зайлсхийх гэсэн нэг үйлдэл,
- Мөнгө угаах гэсэн нэг үйлдэл,
- Төрийн нууцыг хууль бусаар олж авах гэсэн нэг үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөн нэг үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, н.Баатарсайхан, А.Бум-Аюуш нарыг оролцуулсан боловч яллагдагч Н.Өнөрцэцэг нь дээрх нэр бүхий өмгөөлөгч нараас хууль зүйн туслалцаа авахгүй, татгалзах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуульд зааснаар заавал өмгөөлөгч оролцуулах нөхцөл үүсээгүй тул хуралдааныг үргэлжлүүлсэн байна.
Жич: Яллагдагчийн өмгөөлөгч О.Батсүхэд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн товыг шүүхээс гурван удаа залгаж, нэг удаа зурвас илгээсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйг дурдаж, яллагдагчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг бүхий л талаар хангасан талаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.