Сүхбаатар аймгийн Дарьганга суманд автомашин нь цасанд суусны улмаас дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Нэг гэр бүлийн таван хүн сумын төвөөс хөдөө гэр рүүгээ нэгдүгээр сарын 9-нд гарсан байна.
Гэвч нэгдүгээр сарын 11-нд тухайн гэр бүл “ирэхгүй байна” гэсэн дуудлага мэдээллийг саахалт айл нь өгчээ.
Ингээд онцгой байдлын аврагчид эрэн хайх ажиллагаа эхлүүлж, таван зорчигчоос дөрөв нь амиа алдсан, нэг нь маш хүнд байдалтай байхад нь олжээ.
Амьд үлдсэн нэг иргэний биеийн байдал хүнд байгаа бол амиа алдсан дөрвөн зорчигчийн хоёр нь хүүхэд байжээ.
Тухайн хэргийн шалтгаан осгосон, угаартсан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гарч хэргийг шалгаж байгаа аж.