“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн төсөл нь Сонгинохайрхан дүүргийн 32, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 539 га газрыг хамрах бөгөөд хөнгөн үйлдвэрлэл, худалдааны төв, газар тариалан, тээвэр логистик, агуулахын аж ахуй, бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв, ойн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх юм.
Одоогоор тус паркийн хамгаалалтын бүсийн бүтээн байгуулалт бүрэн дуусжээ.
Мөн паркийн бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төвийн барилга угсралтын ажил 30 хувьтай үргэлжилж байна.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Дэлхийн банкны зүгээс арьс ширний үйлдвэрлэл байгуулах боломжтой байршлуудад судалгаа хийхэд эдийн засгийн үр өгөөж болон бусад бүх талаараа Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн байршил чухал ач холбогдолтой гэх дүгнэлтийг гаргажээ.
Одоогоор паркийн зүгээс “Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлэх болон нүүсний дараах дахин төлөвлөлтийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх” чиглэлээр Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран ажиллах гэрээг байгуулаад байна.