Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос шатахууны үнэ нэмсэнтэй холбогдуулж өчигдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр Петровис, Шунхлай болон зарим шатахуун түгээх компаниуд дур мэдэн шатахууны үнийг 50-100 төгрөгөөр нэмсэн юм. Энэ нөхцөл байдлаас үүдэж үнийн тогтворгүй байдал үүсч болзошгүй байгааг тус газраас анхааруулж хэд хэдэн арга хэмжээг авахыг шаардсан юм. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар \”Монгол Улсын Засгийн газраас сүүлийн хэдэн жил автобензин, дизел түлшний үнийг тогтвортой байлгах үүднээс импортын албан татварыг бууруулж хөнгөлөх, шатахууны үнийг хэрэглэгчдэд Олон Улсын зах зээлийн зарчмаар хүргэх арга хэмжээг удаа дараа авч хэрэгжүүлж байсан.
Ийм нөхцөлийг бүрдүүлээд байхад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэмсэн нь шударга өрсөлдөөний хуулийг зөрчсөн гэх үндэслэлтэй” гэж хэллээ. Энэ асуудлаар МҮЭХ-оос дараах шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд байгаа аж. Уг шаардлагад хөнгөлөлт үзүүлээд байхад үнээ нэмсэн гэх газруудад холбогдох заалтын дагуу арга хэмжээг яаравчлан авах. Мөн импортоор орж ирж буй борлуулалтын асуудалд дорвитой арга хэмжээ авах цаг болсон гэдгийг сануулсан байна.
Ямартай ч шатахууны үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш дагаад өсчихдөг учраас үнээ яаралтай буулгахыг шаардсан юм. Түүнчлэн ШӨХТГ-аас дээрх газруудыг үнийг нэмэгдүүлэх талаар Зөвлөлд хандалгүйгээр гэнэт нэмэгдүүлсэн нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэж үзэж буй аж. Тиймээс шатахууны үнийг 2017 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн дотор буюу өчигдөр буулгахыг нэр бүхий компаниудаас шаардсан юм.