Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдын хувцас, хэрэглэлийн стандартын талаар мэдээлэл өглөө.
Онцгой байдлын алба хаагчдын хувцас хангамжийг техникийн хэрэгсэл, тусгай зориулалтын хувцас, өдөр тутмын хувцас гэж гурав ангилдаг. Техникийн хангалтыг сүүлийн жилүүдэд Польш, Франц, Беларусийн өндөр чанартай хэрэгслүүдээр хангаж байгаа хэмээн хурандаа Я.Гантөмөр хэлэв.
Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, Алба хаагчдын хувцсанд гурван тусдаа стандартыг мөрдөн ажиллаж байна. Тухайлбал, Объектын гал түймэр буюу ахуйн хэрэглээнээс үүдэлтэй гал түймрийг унтраах үйл ажиллагаанд өмсөх хувцас, ой хээрийн түймэрт өмсөх хувцас, хамгаалах хэрэгслийн гээд гурван стандартыг мөрддөг.
ОБЕГ-ын алба хаагчдын өмсөж буй хувцсыг ОХУ-аас худалдан авдаг бөгөөд гаднах материал нь +400 градус хүртэл галд тэсвэртэй, хөдөлгөөнд саад учруулахгүй, нэвчилттэй. Амьсгалын төхөөрөмж буюу багийн тухайд, өмнө нь шүүсэн агаарын баг ашигладаг байсан бол одоо шахсан агаарын баг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалж байгаа учраас хүний уушгины багтаамж, ачаалал даах чадвараас шалтгаалан дунджаар 40 минут ажилладаг гэв.
Гал унтраах явцад амьсгалаа хэрхэн зөв авах тухай сургалтыг шат шатанд зохион байгуулдаг гэдгийг мөн онцолсон юм.