Хотын дарга Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан.
Энэ хүрээнд төсвийн тодотголоор сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлээс хийж, хэрэгжүүлэх ажилтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Сургууль, цэцэрлэгийн асуудлыг сүүлийн хоёр жил их анхаарч төсөвт тусгаж ирсэн.
Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн алдаанаас болоод тухайн хэсэгтээ сургууль цэцэрлэгийн хүртээмж багатайгаар байгуулагдсан газруудад газар чөлөөлөлт хийж, улсын сургууль, цэцэрлэг байгуулах зорилттойгоор төсвийн тодотгол хийлээ.
Ингэхдээ 11 сургууль, цэцэрлэгийн асуудлыг төсвийн тодотголд тусгаж, нийт 26.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.
- Баянгол дүүргийн 24 дүгээр хороо буюу Алтай хотхон
- Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо буюу Маршал таун, Кинг тауэр орчимд сургууль
- Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны Ногоон нуур орчимд 240 ортой цэцэрлэг
- Материал имфекс хавьцаа болон Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд 960 болон 640 хүүхдийн багтаамжтай сургууль барихаар төлөвлөж холбогдох хөрөнгө оруулалтыг тусгаад байна.
Таван байршилд газрын зөвшилцөлд хүрсэн. Дээрээс нь нэмээд улсын сургууль, цэцэрлэг барих шаардлагатай 10 байршил бий тул газар чөлөөлөлтийн мөнгийг төсвийг нэмж тавьсан.
Үүнээс гадна тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль болон дотуур байранд нь 4.5 тэрбум төгрөгөөр капитал засвар хийхээр тодотгол оруулсан.
Үндсэндээ 2024 онд нийслэл хотоос сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал дээр нийт 146 тэрбум төгрөгийг төсөвлөж байна гэсэн үг” гэв.