Шавийнхаа дэглэлтийн хэргээр Хакүхо их аварга Миягино дэвжээгээ удирдах эрхээ алдаад байгаа билээ.
Сүмо холбооноос маргааш эхлэх Хаврын тэмцээнд тус дэвжээг Тамагаки ояката удирдаж оруулаад цаашдаа яахыг Исэгахама галын ояката нарт даалгасан.
Энэхүү галыг ёкозүна асан Асахифүжи, озэки асан Кайо нар тэргүүлж, Котонишики, Кёкүтэнхо, Томонохана, Аминишики, Хомарэфүжи, Кайсэй, Ишиүра нар багтдаг.
Тэд энэ сарын 8-нд Осака хотод хуралдаж, Хаврын тэмцээний дараа Миягино дэвжээг хаах шийдвэр гаргасан талаар хэд хэдэн эх сурвалж мэдэгджээ. Дэвжээний хувь заяаны талаар хэд хэдэн санал гарсан байна.
Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр Миягино ояката, туслах ояката Магаки буюу Ишиүра, бөхчүүдийг галынхаа өөр өөр дэвжээнд тараан хуваарилахаар ярьж шийдвэрлэсэн гэнэ. Ингэхдээ Миягиногийн хамгийн том цолтон Хакүохо, Энхо, Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц нарыг Хакүхо, Ишиүра хоёрын байхгүй дэвжээнд оруулах юм байна.
Ийнхүү Хакүхогийн зодог тайлахаасаа өмнөөс авч эхэлсэн шавь нар нь өөр дэвжээнд очихоор болжээ.
Эх сурвалж: Спортсхочи