Онцгой байдлын ерөнхий газраас энэ сарын 14-ний өдөр тоологдсон малын хорогдлын мэдээг хүргэлээ.
Тус өдрийн байдлаар малын хорогдол 4.7 саяд хүрсэн нь нийт малын 7.3 орчим хувийг эзэлж байна. Үүнээс хамгийн их буюу Сүхбаатар аймгийн хэмжээнд 1.3 сая мал хорогджээ. Түүнчлэн бүх малаа алдсан 342 малчин өрх байгаа бол 2257 айл нийт малынхаа 70 буюу түүнээс дээш хэсгийг алдсан байна.
Өмнөх мэдээллээр 10 аймгийн 37 сум төмөр, 16 аймгийн 130 сум цагаан зудтай гэж үнэлэгдээд буй. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа малчдадаа эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд онцгойлон анхаарч байгааг Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэв. Энэ хүрээнд отроор яваа 4773 хүнд нийт малчин өрхийн 63 мянган иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж 241 малчин өрхөд эмийн багц хүргүүлжээ.
Тиймээс малчин иргэддээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хэрхэн малжуулах асуудалд тооцоо судалгаа гаргаж, анхаарал тавин ажиллаж байгаа аж.