“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын Хөрөнгийн биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжлаа.
Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй цахим арилжаанд 3 худалдан авагч оролцож, нэг тонн нүүрсний үнийг 143.7 ам.доллароос эхлэн дуудаж, 160.2 ам.долларт хэлцэл хийсэн байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ онд 519 сая ам.долларын үнэлгээ бүхий 4 сая тонн нүүрсийг биржээр борлуулсныг тус компани мэдээллээ.
Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр биржийн арилжаа хийдэг байсан бол БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг гуравдугаар сарын 19-нд амжилттай зохион байгуулснаар экспорт болон тээврийн хувьд шинэ гарц бий болж, нүүрсний экспорт нэмэгдэх боломж бүрджээ.