Ираны засгийн газраас Йемений босогчдод илгээсэн зэвсгийг олзолсноо Украинд илгээснийг АНУ-ын зэвсэгт хүчний удирдлага өчигдөр мэдээлжээ.
Хүлээлгэж өгөх ажил өнгөрсөн долоо хоногт хэрэгжсэн байна.
“АНУ-ын засаг захиргаа 5,000 гаруй АК-47, пулемёт, дурантай буу, танк эсэргүүцэгч зэргийг 500,000 гаруй 7.62 мм-ийн сумны хамт Украины зэвсэгт хүчинд хүлээлгэж өгсөн. Эдгээр зэвсгүүд Оросын эзлэн түрэмгийллээс хамгаалахад нь Украинд туслах юм” гэж АНУ-ын зэвсэгт хүчний төв тойргийн командлагчийн газраас мэдээлжээ.
2021 оны тавдугаар сараас 2023 оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд ямар нэг улсын харьяалалгүй дөрвөн хөлөг онгоц Ираны Хувьсгалт Гвардаас илгээсэн дээрх зэвсгүүдийг Йемений босогчдод хүргэхээр тээвэрлэж байсан гэнэ.
Йемений Хусит босогчид 2023 оны арваннэгдүгээр сараас хойш Газын зурвас дахь палестинчуудыг дэмжиж байгаагаа харуулах зорилгоор Улаан тэнгис, Адены буланд ачаа тээврийн хөлгүүд рүү довтолж, олон улсын худалдаанд аюул учруулах болсон юм.
“Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, бүс нутаг дахь манай зэвсэгт хүчин, дипломат албаныхан, иргэд, холбоотнуудад заналхийлж байна. Бид Ираны дэглэмийн тогтворгүй байдал үүсгэх зорилготой үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө чадах бүхнээ хийх болно” гэж АНУ-ын зэвсэгт хүчний төв тойргийн командлагчийн газар мэдэгджээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын эрх баригчид бас Иранаас Йеменд илгээсэн 7.62 мм-ийн 1.1 сая ширхэг сумыг замаас нь олзолсноо Украинд илгээж байсан юм.
Гэхдээ өнөөдөр Украинд амин чухал хэрэгцээтэй байгаа их буу, агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг хүнд зэр зэвсгийн $60 тэрбумын тусламжийн багц АНУ-ын Конгресс дээр саатаад удаж байгаа.
Өчигдөр Сенатын сонсголд оролцохдоо Пентагоны тэргүүн Ллойд Остин тусламжийн амлалтаасаа татгалзаж, Америкийн дайснуудыг урамшуулахгүйгээ мэдэгджээ.
“Энэ нь АНУ найдваргүй түнш гэсэн ойлголтыг тарааж, дэлхий дахины дарангуйлагчдад Путин шиг зүйл хийх урам зориг өгөх юм” гэж тэр хэлсэн байна.
Эх сурвалж: AFP