УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир нар зарим зах, худалдааны төвд ажиллаж, гурилын бөөний болон килограмм тутмын үнэ, тээвэрлэлт, ачилтын бусад зардлууд болон эрэлт, нийлүүлэлтийн талаархи зах зээлийн мэдээллийг нэгтгэв.
Тухайлбал, “Милл Хаус” ХХК-ийн хувьд өнгөрсөн онд нийт 19800 тонн улаан буудайг килограмм тутамд дунджаар 1095 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд дотоодын улаан буудай тариалалтын хувьд жилээс жилд чанар нь сайжирч байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Оюунбилэг хэлэв.
Түүнчлэн “Хангай Миллс” ХХК-ийн захирал Л.Ганбат хэлэхдээ, цар тахлаас үүдэлтэй тээвэрлэлт, ложистик, тоног төхөөрөмж, сав, баглаа боодлын үнийн өсөлт нь нийт өртгийн хэмжээнд нөлөөлсөн хэвээр байгааг онцоллоо. “Од групп” ХХК-ийн хувьд өнгөрсөн онд ашиггүй ажилласан бөгөөд уур амьсгал, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан улаан буудайн гарц ч цавуулаг бага, соёололт ихтэй байсныг үйлдвэрийн удирдлагууд хэлэв.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар