УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлийг хийлээ. Уг хуулийн төслийн агуулга нь гурил, улаанбуудайн гаалийн татварыг тэглэсэн шийдвэрээ цуцалж, татвар тогтоох юм.
Одоогоос жил гаруй өмнө буюу 2024 оны хавар УИХ шийдвэр гаргаж гурил, улаанбуудайн татварыг тэглэсэн. Харин одоо буцаагаад татвар тогтоох хуулийн төсөл нь УИХ-ын гишүүдийн дунд багагүй талцал үүсгээд байна.
Байнгын хорооны хуралдааны үеэр Ц.Даваасүрэн гишүүн “Анх гурил, улаанбуудайн татварыг тэглэх шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд нь эсэргүүцээд дийлээгүй.
Яг үнэндээ бол баруун аймагт нэр дэвших гэсэн хүмүүсийн л санаа байсан. УИХ 76-уулаа ч өөрсдийн гэсэн толгойгүй байсны гор.
Хоёр гуравхан хүний саналыг 76-уулаа дэмжээд суусны хохь. Морь унасан толгойгүй хүмүүс энд олон байдаг учраас ийм зүйл болж байгаа юм” гэв.