УИХ-ын баасан гарагийн нэгдсэн чуулган үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд үг хэлж буй бөгөөд АН-ын бүлгийн гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Ардын намын удирдлага их хэцүү юм аа. Та нар Монголын ард түмний эсрэг зарлаагүй дайн хийлээ. Дарханы замд хэдэн хүн нас барав. 176 жолооч, 200 гаруй зорчигч нас барсан гэж байна. Өвөлжин агаарын бохирдол, хорт утаанд бактериологи дайн хийж байгаа юм шиг л байна. 10 хүн нас барахад чив чимээгүй. Бид цөөхүүлээ шүү дээ. 7 айлын 15 хүн угаартаад хоёр хүн нас барлаа. Онцгой байдлынх яаж ар араасаа нас барж байна. Малчид ард түмний 50 хувь ядуу байна. Гэтэл гурилын үнийг яаж барьж байна. Гэтэл тэр компаниудад хэчнээн зээл өгсөн юм бэ. Гурилын мафаа бид дийлэхээ больсон гээд байх юм. Та хэд л зээл өгөө биз дээ. Ийм Засгийн газартай хариуцлага тооцохгүй, хулгайчид ээлтэй, хулгайчдыг өөгшүүлж байдаг ийм намын удирдлага байх юм аа. Ардын намын жирийн гишүүд ч хэцүү байгаа, тэд нарыг хэлэхгүй. Удирдлага нь энэ асуудлаа харах хэрэгтэй. Гурилын үнийг буулга” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мөн гурилын үнийн асуудлаар саналаа хэлсэн бөгөөд ажлын хэсэгт орох хүсэлтээ илэрхийлсэн юм. Тэрбээр “Бүх малыг нь хоргодуулчхаад одоо тэжээлийн асуудал яриад байх юм. Өнгөрсөн жил ярьсан юу ч хийгээгүй. Өнгөрсөн 10-р сард гурилын асуудлаар чуулганд ийм асуудал байна, ингэж ажиллах хэрэгтэй гээд ярьж байсан. Засгийн газар ганц хуралдаад шийдчих юмыг одоо УИХ руу оруулж ирээд гурилын маф гэсэн сүртэй юм яриад байх юм аа. Энэ асуудлыг шалгадаг түр хороо ажлын хэсэг гарсан юм шиг байгаа юм. Энэ асуудлыг хамгийн их ярьсан намайг яриулахгүй, намынхаа хэсэг нөхдийг оруулсан байх юм. Ажлын хэсэгт намайг оруулаад өгөөч би арьсыг нь хуулаад орхиё” гэлээ. Үүний хариуд УИХ-ын дарга АН-ыг төлөөлөн орсон Ц.Тувааны оронд орох хүсэлтээ өгөөрэй гэв.