Ардчилсан намын гишүүдийн зүгээс намынхаа нэр бүхий гишүүдийг хасах шаардлагыг намын дарга Л.Гантөмөрт хүргүүлэх гэж байгаа талаар мэдээллээ.
АН-ын гишүүн Л.Ганхөлөг: Аливаа асуудал дээр нэг итгэл үнэмшил, зорилготой иргэд тухайн улс төрийн хүчинд байж байж дээд шүүхэд бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг. Харамсалтай нь, Монголын улс төрд, ялангуяа АН-д итгэл үнэмшлийн биш бүлэглэх, сүрэглэх байдлаар эрх мэдэлд хүрэх арга хэрэгсэл, шат дамжлага болгож улс төрийн намыг ашиглах байдал хавтгайрч байна.
Үүний хор хохирол бол ямарваа нэг үзэл санаагүй популизм хийх эсхүл намын дүрэм, Монгол Улсын хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулан төрийн эрх мэдэлд хүрч, иргэдийг төөрөгдүүлж байна. Үүнийг бид шат шатандаа анхаарч таслан зогсоох ёстой гэж үзэж байна.
АН-ын гишүүн н.Оюунбат: Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхий сайд, түүний тэргүүн зөвлөх нар удаа дараа АН-ын үнэт зүйл, үзэл баримтлалын эсрэг халдан дайрч байна. Ерөнхий сайдын тэргүүн зөвлөх Х.Баттулга гэдэг нөхөр АН-ын гишүүн гээд байгаа. АН-ын дүрмийн дагуу бол үнэт зүйл, дүрмийн эсрэг ажиллах, эсхүл эсрэг намынхаа багт ажилласан тохиолдолд намаас хасах үндэслэл болдог. Тиймээс дараах шаардлагыг хүргүүлж байна.
-
Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр АН-ын гишүүн Х.Баттулга намын гишүүд, дэмжигчдийн урмыг хугалсан мэдэгдлийг хийсэн. Тэрбээр, С.Зориг агсантай мөр зэрэгцэн ардчилсан хувьсгалыг авчрахад түүчээлэн явсан зарим нөхдийн нэр хүндэд илтээр халдаж, талийгаачийн амь насыг бүрлэгсэн мэтээр ойлгуулах гэсэн, үүсгэн байгуулагчдыг намаас хөөх талаар ярилаа. Түүнчлэн, Х.Баттулга нь намын үнэт зүйл, үзэл баримтлалын эсрэг үйлдэл хийсээр ирснийг АН-ын зүгээс буруушааж байна. Иймд Х.Баттулгыг АН-ын үндсэн дүрмийн 3.7.1, 3.9.1, 3.9.1.18 зэрэг заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа тул яаралтай хасахыг шаардаж байна гэлээ.