Билгийн тооллын XYII жарны гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар Гандантэгчэнлин хийдэд очиж, Мэгжид Жанрайсэг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө.
Төр, засгийн удирдлагууд шинийн нэгний өглөө өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан Очирдарь шүтээн, Мэгжид Жанрайсаг бурханд мөргөж, мандал өргөдөг уламжлал ёсоор энэхүү үйл ажиллагаа болсон юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.