Халуун орны “Ремал” хар салхи Ням гаригт Бангладеш, Энэтхэгийг дайран өнгөрчээ. Хар салхины улмаас аадар бороо орж, их хэмжээний хохирол учирсан байна. Бүс нутагт замууд үерлэн, модод үндсээрээ булгарсан тул нэг сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүст хоол хүнс, ус түгээх ажилд сайн дурынхан болон цэргийн албан хаагчдыг дайчлав.
“Ремал” хар салхи 135 км/цаг хурдтайгаар далайн эргийг дайрсан тухай Энэтхэгийн Цаг уурын алба мэдэгдлээ. Мөн хур тунадасны хэмжээ 89 мм хүрчээ.
Бангладешийн Монгла, Пайра далайн боомтууд Ням гаригт 10 дугаар түвшний аюулын дохио зарласан. Энэ нь хамгийн өндөр аюулын дохио бөгөөд загас агнуурын болон бусад бүх хөлөг онгоцыг хоргодох байранд байрлуулахыг зөвлөдөг.
Бангладеш дахь хар салхинд нэрвэгдсэн бүс нутагт хоёр сая орчим хүн амьдардаг. Тэдний тэн хагас нь шавар, мод, хуванцар хавтан, сүрэл эсвэл цагаан тугалга зэрэг материалаар хийсэн байшинд амьдардаг аж. Болзошгүй ослоос сэргийлэхийн тулд олон газарт цахилгааны хязгаарлалт хийжээ.
Харин Энэтхэгийн Колката дахь олон улсын гол нисэх онгоцны буудал Ням гаригт хаагдаж, нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна.
Эх сурвалж: CNN