Дархан-Уул аймагт Ю.Цэдэнбал, А.И.Филатовагийн хөшөөг зургаадугаар сарын 1-нд босгосон байна. Энэ талаар Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очироос тодруулахад дараах хариултыг өгөв.
Тэрбээр “Уг хөшөөний нээлтийг зургаадугаар сарын 1-н буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр А.И.Филатоваг хүндэтгэж үзээд зохион байгуулсан.
Хөшөөг Ю.Цэдэнбал даргын дүү Ю.Аюуш гэж хүний охин санаачилсан. Өөрөөр хэлбэл Аюушийн Буяндэлгэр хувиасаа хөрөнгө зардлыг нь гаргаж, улмаар Дархан хотын ИТХ-д өргөдөл, хүсэлтээ өгсөн байдаг.
Энэ хүрээнд зохион байгуулж, Дарханы 50 жилийн ойгоор барьсан цогцолбор дээр босгосон байгаа. Хувь хүн мөнгөө гаргаад хийсэн учраас нийт хэдэн төгрөгөөр боссон эсэх санхүүгийн тодорхой мэдээллийг хэлж мэдэхгүй.
Хөшөө босгосон газрыг Дархан сумын ИТХ-аас шийдвэр гаргаад байрлалыг нь тааруулж өгсөн” гэлээ.