Франц Улсын Нант хотын түүхийн музейд өнгөрсөн 2023 оны аравдугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 05-нд зохион байгуулагдсан “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны долдугаар сарын 03-ны өдрөөс наймдугаар сарын 25-ны өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейд дэлгэхээр болжээ.
Энэхүү олон улсын үзэсгэлэнгээр дамжуулан монголчууд хүн төрөлхтөнд энх амгаланг тогтоож дэлхийн эдийн засаг, урлаг, шинжлэх ухаан, соёл шашны салбарт хувь нэмрээ оруулсныг харуулахын зэрэгцээ Өлзийт, Аргун хаадын монгол бичгээр бичсэн захидлууд эх хувиараа, Луврын музейд хадгалагдаж байгаа Ил хаант улсын үеийн гайхамшигт ваар сав зэрэг Монголын эзэнт улсын дурсгалууд олон зууны хойно нэгэн дор цугларч Чингис хаан, монголчуудын тухай түүхэн баримт бүхий цогц үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Мөн 2024 оны долдугаар сарын 04-ний өдөр ОХУ-ын томоохон музейнүүдийн төлөөлөл болох 32 музейн захирлууд оролцсон үндэсний форумыг зохион байгуулна.