УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-нд улс даяар зохион байгуулагдана. Энэ удаагийн парламент 126 гишүүнтэй байх бөгөөд 13 тойрог болон нам, эвслийн жагсаалтаар нийт 1,336 хүн өрсөлдөхөөр үнэмлэхээ гардаж аваад байгаа билээ.
Одоогийн парламентын 40 хувийг хоёр болон түүнээс дээш удаа сонгогдсон гишүүд бүрдүүлж байгаа юм. Хамгийн олон буюу 2000 оноос хойш зургаан удаа сонгогдож 23 жил төр барилцаж буй нэг гишүүн байгаа бол таван удаа сонгогдсон хоёр, дөрвөн удаа сонгогдсон зургаан гишүүн байгаа юм.
Харин шинэ парламентад Улсын Их Хурлын 54 гишүүн дахин өрсөлдөхөөр болжээ. Эдгээрээс хамгийн олон буюу дөрвөн удаа сонгогдож нийтдээ 16 жил төр барилцсан Г.Занданшатар, Н.Алтанхуяг, Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар байгаа бол 2020 онд анх удаа сонгогдсон 29 гишүүн байна.