“Монполимет” группийн 1,300 гаруй ажилтны төлөөлөл өнөөдөр тайвнаар жагсаж, үйлдвэрүүдийг нь нээн, үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрхээр хангаж өгөхийг шаардлаа.
“Монполимет” группийн тосон үйлдвэрийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 5-ны өдрөөс хойш Авлигатай Тэмцэх Газар, Нийслэлийн Прокурорын Газраас зогсоогоод байгаа юм байна.
Энэ хугацаанд бүх техник тоног төхөөрөмжийг нь лацадсан учир үйл ажиллагаа нь бүрэн зогсоод байгаа аж.
Тус компанийн ажилтнуудын төлөөлөл “Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг учраас маш их бүтээн байгуулалтыг хийх хугацааг алдаад байна. Иймд төрийн байгууллагууд шалгаад яаралтай хариу өгч, тайван ажлаа хийх замыг нээж өгөхийг хүсэж байна.
Аж үйлдвэр хөгжиж байж улс хөгждөг байтал аж үйлдвэрлэгч нарынхаа үйл ажиллагааг зогсоож байгаа нь нийт ажилчдад маш хүндээр тусаж байна. Цар тахлын үед ч сул зогсож үзээгүй. Үүссэн нөхцөл байдлыг бидэнд тайлбарлахдаа Хөгжлийн Банкны зээлтэй холбоотой гэж хэлсэн. Гэхдээ яагаад манай тосон уурхайг хааж байгааг мэдэхгүй байна. Ажлаа тайван хиймээр байна” гэв.