АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үеэр Жо Байден хангалттай сайн байсан эсэхийг шалгах санал асуулга явагджээ. Гэвч дийлэнхи хүмүүс нь Жо Байденыг улс орныг удирдахад сэтгэцийн хувьд эрүүл бус, хэтэрхий хөгширсөн гэж үзсэн байна. “CBS News/YouGov” сувгийн Ням гаригт гаргасан санал асуулгад бүртгүүлсэн сонгогчдын 72 хувь нь Байденг ерөнхийлөгчөөр ажиллахад хөгширсөн учир нарийн бодож, төлөвлөж чадахгүй гэж үзсэн. Энэ нь өмнөх санал асуулгын 65 хувиас огцом өссөн үзүүлэлт бөгөөд Байдены талаарх хүмүүсийн бодол мэтгэлцээний дараа эрс өөрчлөгдсөнийг харуулж байна.
Санал асуулгад оролцсон хүмүүсийн 49 хувь нь Трампийг мөн адил хөгшин гэж үзсэн. Гэхдээ хамгийн эрсдэлтэй нь Байдены Ардчилсан намын гишүүд мөн адил санал асуулгад оролцсон. Тэдний 45 хувь нь Байденыг сонгуулийн сурталчилгаагаа зогсоож, намаас өөр нэр дэвшигч гаргах нь зүйтэй гэж үзсэн. Байдены хувьд энэ жил 81 настай бол Трамп 78 настай. Мэтгэлцээний үеэр Трамп хэлэх үгээ чанга, тод дуугаар ярьж, үзэл болоо төвөггүй илэрхийлж байсан. Харин Байдены хувьд толгой нь эргэсэн аятай сөөнгө, нам дуугаар үгээ тод хэлж чадахгүй байсан ба өөрийгөө илэрхийлэхэд бэрхшээлтэй харагдсан аж. Үүнээс болж Ардчилсан намын зарим гишүүд Байденыг огцрохыг уриалав. Гэсэн хэдий ч Байденыг түүний холбоотнууд дэмжсэн хэвээр байна. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, дэд ерөнхийлөгч Камала Харрис болон эхнэр Жилл Байден нар түүнийг ерөнхийлөгчийн төлөөх сонгуульд өрсөлдсөн хэвээр байхыг уриалжээ.
Эх сурвалж: BBC