Үндэсний их баяр наадмын амралт, аялал зугаалгын улирал эхэлсэн энэ өдрүүдэд тарвага агнахгүй байх, улсын хилээр оруулах нь хориотой болохыг Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.
Тус төвийн мэдээлснээр 15 аймгийн 80 гаруй суманд тарваган тахлын эрсдэл өндөр байгаа аж.
Хэрэв халдварт өвчнөөр өвдсөн тохиолдолд хүн бүрт эмнэлзүйн шинж тэмдэг харилцан адилгүй ч огцом халуурах, толгой өвдөх, бүх биеийн булчин өвдөх, тунгалгийн булчирхай томрох, гүйлгэх, бөөлжих, ханиалгаж амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Тарваган тахлаар амь насаа алдсан иргэдийн дийлэнх нь буюу 86 хувь нь эрэгтэйчүүд байна.Тахал туссан гурван тохиолдол бүрийн хоёр нь тарвага өвчиж махыг нь эвдэж байх үедээ халдвар авсан байдаг аж.
Нөгөөтэйгүүр, хэрэв хууль бусаар тарвага агнасан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг гурван сая төгрөгөөр торгох заалттай.