Зуны олимпын XXXIII их наадам найм хоногийн дараа Францын нийслэл Парис хотноо эхэлж байна.
Монгол Улс 1964 онд Токиогийн олимпод оролцож эхэлснээс хойг 60 жилийг ардаа үджээ. “Парис-2024” бол монголчуудын оролцох 15 дахь олимп.
Монголчууд 60 жилийн хугацаанд олимпод оролцож, амжилтаа ахиулж, чадвараа тамгалсан юм. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд олимпоос 30, Паралимпаас дөрвөн медаль авсан байна.
Энэ удаагийн олимпын наадмаас эрх авсан тамирчдын тоо Рио-2016, Токио-2020 олимпынхоос буурсан.
Гэхдээ эрхийн тооноос олимпын амжилт шууд хамаарахгүй гэдгийг албаныхан онцолж буй. 2024 оны олимпын наадамд манай улсын 33 тамирчин есөн спортын төрөлд өрсөлдөнө.
Монголчуудын тогтмол амжилт үзүүлж ирсэн бокс, чөлөөт бөх, жүдо, буудлагын төрөлд манайхаас цөөнгүй тамирчин оролцож буй. Мөн байт харваа, хүндийг өргөлт, усанд сэлэлт, марафон гүйлт, дугуйн төрлөөр тамирчид оролцож байна.
Тодруулбал, жүдогийн төрөлд 10, бөхийн төрлүүдээр ес, буудлага, марафон гүйлтээр тус бүр гурав, бокс, усанд сэлэлт, дугуйн төрлөөр тус бүр хоёр, байт харваа, хүндийг өргөлтөөр тус бүр нэг тамирчин эх орноо төлөөлөн олон улсын тавцанд хүч үзэх юм.
Манай баг тамирчдын тэмцээн өнөөдрөөс эхэлж байна.
Тодруулбал, өнөөдөр 20:15 цагт /Улаанбаатарын цагаар/ байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваа эхэлнэ. Тус төрөлд байт харвааны Азийн наадмын аварга, ОУХМ Баатархуягийн Отгонболд цэц сорих юм.