“Парис 2024” зуны олимп дахь Монголын шигшээ багийн салхийг Баатархуягийн Отгонболд хагаллаа. Тэрээр өчигдөр байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваанд өрсөлдөж нийт 643 оноотой 54-р байрт эрэмбэлэгдлээ.
Харин хоёрдугаар үеийн дөрөв дэх сетэд гурван удаа 10 дээр онож 56 оноо авсан хамгийн өндөр оноо авсан сет болжээ.
Чансаа тогтоох харваанд нийт 64 тамирчин оролцсон бөгөөд дэлхийн рекордыг 700 оноогоор эзэмшдэг Өмнөд Солонгосын Ким Вүүжин 686 оноогоор тэргүүлж, нутаг нэгт Ким Же Док 682 оноогоор удаалжээ.
Ийнхүү тогтсон чансааны дагуу оноолт тодорсон бөгөөд Б.Отгонболд эхний шатанд Мексикийн тамирчин Матиас Грандетэй таарчээ. Матиас Гранде чансаа тогтоох харваанд 676 оноогоор 12-рт жагссан юм.
Хоёр тамирчин наймдугаар сарын 1-ий 15:30 цагаас цэц сорих бөгөөд нийт таван үеийн турш 15 сум тавина.