Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, ЕБ-ын 31 дүгээр сургуулийн 420 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад оруулжээ.
Тус сургууль нь 2306 суралцагчтай, хоёр ээлжээр хичээллэдэг. Барилга үндсэн хоёр давхар байсан бөгөөд ахин нэг давхар нэмж, гурван давхар болгон өргөтгөсөн юм.
Нийт 17 хичээлийн анги танхим, хурлын өрөө, багш, сурагчдын ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгааг тохижуулжээ. Тус сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор хамран сурах тойргийн суралцагчдыг бүрэн хамруулах боломжтой боллоо.