Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар наймдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийж, Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Хүндэт зочноор оролцоно.
Бүгд Найрамдах Словени улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар Монгол Улсад Төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна.
Айлчлалын эхний өдөр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд, тухайлбал: уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарч ажиллах талаар ярилцана.
Словени улсын Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал.
Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцож, аялал жуулчлал, ой, тээврийн салбарт өргөжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар төрийн айлчлалынхаа хүрээнд “Ой тогтвортой байдал, эмэгтэйчүүд” хөтөлбөр, бизнес форум, Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцохоор төлөвлөжээ.
Наташа Пирц Мусарын Монгол Улсад хийж буй Төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Словени улсын Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм.
Айлчлалын үеэр хоёр улсын хамтын ажиллагааг хэд хэдэн салбарт өргөжүүлэх яриа хэлэлцээ хийхийг Словенийн тал зорьж байгаа гэдгийг тус улсын хэвлэлийн төв агентлаг “STA” онцолсон байна.
Монгол Улс Словени улстай 1993 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд дипломат паспорттай иргэд 2021 оноос харилцан 90 хоног визгүй зорчиж байгаа юм.
Харин Монголд зочлох жилийн хүрээнд Словенийн иргэд 2025 он дуустал аялал, жуулчлалын зорилгоор Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчиж байгааг Гадаад харилцааны яам мэдээлж байв.
Хоёр орны худалдааны эргэлт 2023 онд 25.5 сая ам.доллар хүрснийг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байна. Хэдий тийм боловч өнгөрсөн онд дээрх дүнг зөвхөн импортын татан авалт бүрдүүлжээ.
Харин энэ оны эхний долоон сарын байдлаар 6000 гаруй ам.долларын монгол гэр экспортолсон бол 13.5 сая ам.долларын бүтээгдэхүүн импортолсон байна. Эм, гоо сайхан болон хүнсний бүтээгдэхүүн, шугам хоолой зэрэг нь импортын голлох бүтээгдэхүүн болж байгаа аж.