Перу улсын нийслэл Лима хотод өчигдөр жүдогийн өсвөрийн ДАШТ эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 48 орны 403 жүдоч оролцож буй.
Манай улсаас Д.Энхбаатар, Х.Цагаанбаатар, Д.Алтансүх, Ц.Хулан нарын дөрвөн дасгалжуулагч, 20 тамирчин нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй Перу улсыг зорьсон билээ.
Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 50 кг-ийн жинд Б.Чинхүслэн, П.Алтанцоож, 55 кг-ийн жинд Б.Бат-Энэрэл, Б.Цолмон-Од, охидын 40 кг-ийн жинд Б.Эгшиглэн нар хүч сорилоо.
Тэднээс хөвгүүдийн 55 кг-ийн жинд Б.Бат-Энэрэл мөнгө, 50 кг-ийн жинд Б.Чинхүслэн хүрэл медаль хүртэв.
Б.Бат-Энэрэл эхний даваанд хийлээд Мексикийн Жассем Эдвард Файер Солорсаног, дараагийн тойрогт ОХУ-ын Роман Кузнецовыг, хэсгийн аваргын төлөө АНУ-ын Хенри Парсаданианыг ялаад хагас шигшээд Францын Томас Сассиг илүүрхсэн юм.
Шигшээд Азербайжаны Нихад Мамишовт дийлдсэнээр мөнгөн медаль зүүлээ.