Өчигдөр буюу есдүгээр сарын 15-нд Баянхонгор аймагт газар хөдлөлт бүртгэгджээ.
Тус аймгийн Баянлиг сумын Баян-Араг 2 дугаар багийн Овоот шар гэдэг газарт аймгийн төвөөс урд зүгт 240 км, сумын төвөөс зүүн зүгт 54 км-т есдүгээр сарын 15-ны өдрийн 13:35:28 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мөн өдрийн 13:41 цагт мэдээлсэн байна.
Тус сумын Баян-Араг багийн Засаг даргаас тодруулахад тэнгэр хүчтэй дуугарч, газар чичирхийлсэн гэсэн мэдээлэл өгчээ. Овоот шар гэдэг газарт нутагладаг малчин Ч, Ц нараас тодруулахад гэрт байсан хүмүүст чичирхийлэл мэдрэгдсэн, тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарсан гэсэн байна. Бэртэж гэмтсэн хүн болон учирсан хохирол байхгүйг холбогдох газруудаас мэдэгджээ.