Хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг харахад явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал бүртгэгдэж байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу дадал зуршил /бага насны хүүхэддээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэдэг/ зэрэг нийтлэг зөрчлийн улмаас үйлдэгдэж байна.
Хүүхдийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг нь автомашин доторх аюулгүй байдлыг хангаж хүүхдийн зориулалтын хамгаалах бүс тохируулагч, хамгаалалтын суудал хэрэглэж хэвших, зөв тээвэрлэхээс ихээхэн хамааралтай юм. Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлд \”3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглосон” байдаг. Гэтэл манай эцэг эхчүүд хүүхдээ урд суудалд, өвөр дээрээ, хамгаалах хэрэгсэлгүй тээвэрлэх нь байдаг зүйл, хүлээн зөвшөөрдөг мэт ойлгодог. 2016 онд 39 хүүхэд буюу нийт зам тээврийн ослын улмаас нас барсан хүүхдийн 78% нь буруу тээвэрлэлтээс шалтгаалан амь нас нь хохирсон нь Ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэг үгүй болсон хэмжээний дүн мэдээ харагдаж байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна гэж ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.