Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан ирэх сарын 2-нд Монгол бөхийн өргөөнд болно.
2012 оноос хойш уламжлал болгон зохион байгуулсан уг барилдаанд анх удаа “Их хааны цом”-ыг гардуулах аж. Барилдах бөхчүүдийн бүртгэл маргааш эхлэх бөгөөд ирэх сарын 1-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Тус барилдааныг анх зохион байгуулахад улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж байсан бөгөөд 2012, 2013 онд дараалан түрүү бөхөөр тодорсон байдаг. Түүнээс хойш хоёр түрүүлсэн бөх гараагүй байна. Тэгвэл хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил улсын арслан Ц.Бямба-Отгон гарди цолтойдоо түрүүлсэн билээ.
“Монгол бахархлын өдөр”-ийн барилдааныг 2020 онд коронавирусын цар тахлын улмаас зохион байгуулаагүй өнжсөн юм.