Боловсролын сайд П.Наранбаяр болон холбогдох албаныхан Шинэ Зуунмод хотод байгуулах Олон улсын инженерийн сургуулийн бүтээн байгуулалтын байршил, Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрийн цогцолборын талаар Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Шинэ Зуунмод хотын Захирагч М.Батбаяр, Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төвийн захирал болон бусад холбогдох албаныхантай санал солилцов.
Олон улсын инженерийн сургуулийг Хөшигийн хөндийд байгуулахаар ШУТИС, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургууль хамтран ажиллаж буй. Мөн Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрийн цогцолбор байгуулахаар тусгасан.
Энэхүү цогцолборт 23 мянган оюутан суралцах, 3900 багш, ажилтан ажиллах боломжтой их, дээд сургууль, дотуур байр, лаборатори бүхий хотхоныг цогцоор нь байгуулж, 10 мянга гаруй ажлын байрыг бий болгохоор төлөвлөжээ.
Олон улсын инженерийн сургууль болон Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж байгуулахад Боловсролын яамны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллана.