Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг маргааш буюу 11 дүгээр сарын 12-ны шөнө 00:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж, бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийнэ. Харин 11 дүгээр сарын 30-ны 06:00 цагт нээхээр төлөвлөжээ. Энэ хугацаанд хуучин, шинэ гүүрний хөдөлгөөнийг хаахгүйг мэдэгдлээ.
Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Гүүрний хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “Зайсангийн хуучин гүүр 1968 онд ашиглалтад орж, түүнээс хойш засвар хийгдээгүйгээс эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан тул нураах гэж байгаа юм. Ингэснээр хажуугийн шинэ гүүртэй адил гүүр барина.
2024 оны 11 дүгээр сарын 8-наас Зайсангийн уулзвар руу нийлж буй хэсгийг, шинэ гүүрний хөдөлгөөний хамт хаахаар төлөвлөж байсан ч шинэчлэгдлээ. Гүүрний урд хэсгийн замыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, бохир усны шугамыг холбох ажил хийхээр болж байна. Гүүрний баруун талын шугамын ажил өнөө шөнө дуусна.
Үүний дараа өнөө шөнө буюу 11 дүгээр сарын 12-ны 00:00 цагаас Зайсангийн уулзвараас хойш чиглэлийн замын зүүн талыг хэсэгчилж хаана. Уулзвараас хойш, урагш явж байгаа чиглэлд 15 метр сөрөг хөдөлгөөнтэй болох бөгөөд шинэ, хуучин гүүрний хөдөлгөөнийг хаахгүй.
Энэ онд бохир усны шугамын ажлыг хийж дууссанаар 2025 онд Туул гол дээгүүрх Зайсангийн хуучин гүүрийг нурааж, 225 метрийн урттай шинэ гүүр барих юм” гэж өнөөдөр мэдээллээ.
Зам хаах хугацаанд Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэж байгаа билээ.