УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүд мэдээлэл хийв.
Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан:
-Шинэ парламентын гишүүд долоодугаар сарын 2-нд тангаргаа өргөсөн.Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд улсын төсөвтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор маш олон алдаа завхралууд гарч байна. 2023 оны төсвийн гүйцэтгэлийг өмнөх парламент хэлэлцээгүй байсныг хэлэлцэж эхэлсэн. 2025 оны улсын төсвийг хэлэлцэхэд Засгийн газраас маш том тэлэлттэй төсөв өргөн барьсан.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар “замыг” нь зассан гэж хэлж болно.
Хоёрхон жилийн дотор улсын төсөв өндөр хувиар тэлж орж ирсэн. Хамгийн гол нь УИХ-ын онцгой бүрэн эрх төсөв батлах эрх энэ удаад хангалттай хэрэгжсэнгүй. Учир нь Монгол Улсын түүхэнд анх удаа шахуу УИХ Засгийн газраас өргөн барьсан төсвийг тэр чигт нь баталчихлаа. Төвсийн хэлэлцүүлгийн үеэр Дэгийн тухай хуультай холбоотой олон алдаа дутагдал гарлаа. Байнгын хороодын дарга нар харьцангуй ялгамжтай байдлаар хандлаа. Эцсийн бүлэгт өнгөрсөн баасан гарагт улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төхөөрөмжөөрөө биш гар өргөж санал хураалаа. Хэн гэдэг гишүүн ямар санал өгсөн зэрэг мэдээлэл нь одоогоор ирээгүй байна. Энэ мэдээллийг авахаар бид УИХ-ын Тамгын газарт хандчихаад байна.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэдэг саналыг хуралдааны үеэр гаргалаа.
Удахгүй орж ирэх улсын төсвийн тодотгол дээр Ардчилсан намаас ажлын хэсэг гаргана.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-УИХ-ыг өнгөрсөн хугацаанд босоо удирдлагатай нам удирдсанаас хойш парламент хууль мөрдөхөө больсон юм байна гэдгийг нүдээрээ үзлээ. Хууль биш намын дарга юм уу, хурал удирдаж байгаа даргын үзэмжээр бүх асуудлыг шийддэг болсон байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт байгаа Дэгийн хуулийг мөрдүүлэх бус байгаа Дэгийн хууль дээр зүйл заалт зохиож уншсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчил рүү орж байна.