Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх, Тамгын газрын дарга асан, Ачит ихт ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Цагааныг Сингапурт саатуулжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар П.Цагаан нь Шинэ жилийн баярын өдөр буюу 31-ний өглөө Индонез улсаас Сингапурт иржээ. Энэ үеэр Индонезийн Интерполоос Сингапур руу мэдээлэл дамжуулснаар хоёр улсын хуулийн байгууллага түүнийг хамтран саатуулсан байна.
П.Цагааныг ЦЕГ-аас өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн эрэн сурвалжилж байгаагаа мэдэгдсэн. Гэвч хил давсан, олдохгүй байгаа гэх мэдээлэл цацагдаад байв.
Сингапурын хуулиар эрэн сурвалжлагдаж буй гадаад улсын иргэнийг саатуулсан тохиолдолд шилжүүлэх талаар нарийн санкцтай.
Тодруулбал, террорист, бэлгийн мөлжигч, цуврал алуурчин, үйл олноор хомроголон устгагч зэрэг олон улсад зартай онц хүнд гэмт хэрэгтнийг баривчилсан тохиолдолд эх оронд нь шууд шилжүүлдэг юм байна. Харин бусад гэмт хэргийн хувьд шүүх хурал хийж, шилжүүлэх талаар шийдвэрлэдэг ажээ.
Үүний дагуу Монгол Улсын иргэн П.Цагааны хувьд манай талд шилжүүлэх асуудлаар шүүх хурал хийх ба хурал энэ долоо хоногт болох магадлалтай аж.
Тиймээс П.Цагааныг шүүх хурал болтол бусадтай уулзах, чөлөөтэй зорчиход хориг тавьж, бүртгэлтэй хаягт хяналтад байлгаж байгаа гэх мэдээлэл байна.