Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, “Ачит Ихт” компанийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг өнгөрсөн долоо хоногт Сингапурт саатуулсан.
П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргасны дагуу Прокуророос шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлсэн байна.
Прокурорын саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр /2024.01.07/ хэлэлцжээ.
Шүүхээс прокурорын саналыг хүлээн авч, П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгожээ.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “2012 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж буйг сайд Ц.Нямдорж мэдээгүй гэхэд гайхаж, бас итгээгүй юм.
Гэтэл Интерполоор эрэн сурвалжилж байсан хүмүүстэй холбоотой шийдвэр шүүхээр хэлэлцэгдэх, баривчлах захирамжийг цуцлахыг нэг өдрийн дотор “түүгээрээ” амжуулж, шийдвэрлэхийг харж итгэлээ.
Авлигачдын талаарх шийдвэр үүн шиг хурдан гардаг бол ч! Засгийн газар, Авлигатай тэмцэх газрын шударга ёсны тэмцлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авлигачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөлөлд орвол ял шийтгэгдэх Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина!” гэж цахим хуудаснаа бичсэн байв.