АНУ-д шувууны ханиаднаас болж хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ.
Тодруулбал Луизиана мужийн 65 настай иргэн амьсгалын замын архаг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Мужийн эрүүл мэндийн байгууллагаас даваа гарагт тус иргэнийг нас барсныг мэдээлсэн юм.
Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв /CDC/-өөс шувууны ханиаднаас болж хүн нас барсан анхны тохиолдол гэдгийг баталсан.
Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш АНУ даяар шувууны ханиадны 66 тохиолдол бүртгэгдээд байв. Ханиадаар өвчилсөн иргэдийн шинж тэмдэг гол төлөв хөнгөн хэлбэрээр илэрч байжээ.
Харин нас барсан өвчтөний хувьд хууч өвчтэй байсан бөгөөд вирус биед нь мутацид орж, биеийн байдлыг нь хүндрүүлсэн гэж эмнэлгийн ажилчид тайлбарласан.
2003 оноос хойш дэлхий даяар шувууны ханиадны 950 батлагдсан тохиолдол гарсан. Үүнээс 460 хүн нь нас барсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.
Эх сурвалж: АР