Гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага, зарим голуудад харз халиа тошин гүйсний улмаас мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээлжээ.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн нутгаар урсан өнгөрөх Сэлэнгэ мөрний мөсний зузаан (Зүүнбүрэн, Сүхбаатар сумын орчмоор) 18-38 см буюу ОЖД-аас 50-52 см-ээр бага байгаа аж. Мөн Хүдэр гол Хүдэр сум орчим мөсний зузаан 37 см ОЖД-аас 23 см-ээр бага, Зэлтэр гол түшиг сум орчмоор мөсний зузаан 27 см байгаа нь ОЖД-аас 17 см-ээр бага байна гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.
Өгий нуур нь бүрэн хөлдсөн хэдий ч мөсний зузаан харилцан адилгүй байна. Тиймээс орон нутгийн иргэд болон загасчлахаар ирж буй амрагчид нуурын мөсөн дээгүүр авто машинтай гарах болон зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж тус сумын Засаг даргын тамгын газраас мэдээлсэн байна.