Улаанбаатар хотод өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, жуулчны улирлын хугацааг уртасгах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах зорилгоор “Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестиваль арга хэмжээг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулна.
Өвлийн явган алхалтын фестивалийг дараах хоёр маршрутаар зохион байгуулна. Үүнд:
-
2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвөөс “Жавхлант” өртөө
-
2025 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс "Скай резорт" цанын бааз хүртэлх маршрутаар алхана.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жэжү хотын Аялал жуулчлалын газар, “Жэжү Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд гурван чиглэлд Олле стандартын явган аяллын замыг засаж, тэмдэгжүүлэх ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлсэн.
Мөн гар урлал, бизнесийн сургалтыг тогтмол зохион байгуулж, БНСУ, Япон улсаас олле замаар алхахаар зорин ирсэн жуулчид нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, хөсөгт аялал хийх зэрэг орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлж байна.
Энэ хүрээнд “Улаанбаатар” явган алхалтын фестивалийг жил бүрийн наймдугаар сард олон улсын хэмжээнд зохион байгуулдаг.
Эх сурвалж: Нийслэлийн аялал жуулчлалын газар