Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын албан хаагчдад сар бүр хоолны тодорхой нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэснийг Боловсролын яамнаас мэдээлсэн.
2025 оны батлагдсан цалингийн санд багтаан хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2464 гаруй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 88.6 мянган албан хаагчид сар бүр хоолны мөнгө олгоно.
Тодруулбал “Төрийн албан хаагчийн өдрийн хоолны зардлын тодорхой хэсгийг байгууллагаас нөхөн олгоно” гэж заасан журмын дагуу орон нутагт дунджаар 107,500 төгрөг, нийслэлд 172,000 төгрөгийг олгох юм байна.
Энэ хүрээнд улсын төсвөөс нийт 115.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цалингийн батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэх боломжтой бөгөөд цаашид хувьсах зардлын бүрэлдэхүүнд хоол, унааны нөхөх төлбөрийг тусгахаар Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан, жил бүр нэмэгдүүлэх болжээ.