Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны \”Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төв нь 26 мянга орчим иргэнд үйлчилдэг байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай хороонд үйлчилдэг ч түргэний авто машингүй 5 жил болжээ. Хүн ам ихтэйгээс гадна газар нутаг том, олон амуудтай учраас алслагдсан айлууд руу хүрч үйлчлэхэд маш их хүндрэлтэй байсныг эмч нар хэлж байна.
Өнөөдөр тус хорооноос сонгогдсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Отгонсүх \”Одонт манал” Өрхийн эрүүл мэндийн төвд түргэний автомашин бэлэглэлээ. Тэрбээр хэлэхдээ \”22 дугаар хороонд хамгийн их тулгамдсан асуудал нь өрхийн эрүүл мэндийн төвийн түргэний машины асуудал байсан. НИТХ-ын санаачилгаар явагдаж байгаа \”Иргэдээ сонсъё” аяны үеэр ч иргэд маань түргэний машины асуудлыг хэлж байсан. Үүнийг хувиасаа шийдэж, нийгмийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.” гэлээ.