Энэ онд нийслэлийн хэмжээнд 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээний талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяраас тодрууллаа.
Тэрээр “Энэ оноос нийслэлд зам хариуцагчийн тогтолцоог нэвтрүүлж буй. Өөрөөр хэлбэл төвийн зургаан дүүргийн авто замыг 12 багц болгоод нэг дүүргийг хоёр компанид хариуцуулахаар төлөвлөж байна.
Уг ажлын тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч нь гуравдугаар сарын дундуур шалгарч, дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс гэрээ байгуулан ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна.
Зам хариуцагчийн тогтолцоо руу шилжсэнээр авто замын чанар байдлын индексийг 80-аас дээш түвшинд хадгалахын зэрэгцээ нүхэн эвдрэл гарсан тохиолдолд цаг алдалгүй хурдан хугацаанд засварладаг болох юм. Мөн энэ онд авто замыг шинэчлэх, завсарлах, шинээр барихдаа ус зайлуулах системийг суурилуулна.
Тухайлбал, ГУББГ-аас 2025 онд долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрахаар төлөвлөсөн бөгөөд үүнтэй авто замын график төлөвлөгөөг уялдуулж буй. Мөн зам арчлалтын хүрээнд хороолол доторх ус ихээр тогтдог авто замуудад ус зайлуулах систем суурилуулна” гэв.