Өнөөдөр Хаврын дунд сарын шинийн наймны өдөр тохиож байна. Энэ өдөртөө зэрэгцэн ханш нээх өдөр тохиолоо.
Ханш нээх өдөр нь Хятад үндэстний уламжлалт баяр юм. Хятадын эртний ноёд түшмэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж тахил өргөдөг байснаас үүдэлтэй аж. Үүнээс уламжлан ард иргэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж хүндэтгэл илэрхийлэн тахил өргөдөг болсон түүхтэй билээ.
Энэ өдөртөө холбогдуулан Дашчойлон хийдийн ламаас тодруулахад \”Хятад үндэстний баяр нь Монголын бурхан шашинтай ямар ч холбоогүй. Өнөөдөр Хаврын дунд сарын шинийн наймны өдөр тохиож сүсэгтэн олон засал номоо хийлгэж байна” гэсэн тайлбарыг өглөө.
Шинийн наймны билэгт сайн өдөр Монголын бурхан шашинтны төв, сүм хийдүүд ном хурж, сүсэгтэн олон тухайн жилийнхээ засал номыг хийлгэж, буян хураадаг уламжлалтай билээ. Түүнчлэн шинийн наймны өдрийг Оточ Маналын буулттай өдөр гэдэг. Тиймээс эрүүл мэндээ бататгах, нас буян арвижуулахад тустай хэмээн сүсэгтнүүд сүм хийдийг зорих нь их байдаг. Дашчойлон хийдэд ч сүсэгтэн олон ихээр иржээ.
Г.Нараа