Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нар Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.03.31) өргөн барив.
Өдгөө дэлхий нийтэд үүдэл эсийг эд эс нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах, үр хөврөл шилжүүлэн суулгах зэрэг олон шинэ арга технологи нэвтэрч эхэлсэн учир манай улсын эрүүл мэндийн салбар тэдгээр дэвшилтэд шинэ технологиудыг хөгжүүлэх шаардлагатай болсныг хууль санаачлагчид онцлов.
Дэлхийн 93 улс оронд эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 90 орон тус эмчилгээний талаарх бие даасан хууль тогтоомжийг баталжээ.
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл батлагдсанаар эрх зүйн орчин улам боловсронгуй болж, эмчилгээний үр дүнтэй аргууд нэвтэрч эхэлнэ. Түүнчлэн, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдэх бөгөөд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт ойлгомжтой, тодорхой болж, эмчилгээний чанар, хүртээмж, үр дүн сайжирна гэж үзэж буйгаа танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.