Японы томоохон сүлжээ ресторан Sukiya-гийн хоолноос харх, жоом олдсон дуулианаар орон даяар бараг 2000 салбараа хаахаар болжээ.
Тус рестораны сүлжээ нь Японы алдартай түргэн хоол болох үхрийн мах, сонгинотой будаа гюдоноор үйлчилдэг юм.
Өнгөрсөн сарын сүүлчээр хоолноос нь жоом илэрсэн хэрэг гарсны төлөө Sukiya үйлчлүүлэгчдээс уучлал гуйсан. Үүнээс өмнө мисо шөлнөөс нь хархны гөлчгий гарч бас дуулиан дэгдээсэн удаатай. Одоо бүх ресторанаа хааж хортон шавьжтай тэмцэх мэргэжилтнүүдийн оролцоотойгоор шалгана гэж компанийн зүгээсээ амлаж буй.
Тус сүлжээг эзэмшдэг Zensho Holdings-ийн хувьцааны ханш долоон хувиар унаад байна.