Нийслэлийн Өмч хувьчлах комисс өнөөдөр хуралдаж, Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ.
Уг тогтоолыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг тус тус үндэслэн, мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 67 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан нийслэлийн өмчийг хувьчлах тухай 1.5, 6.2-т заасныг тус тус үндэслэн тогтоосон бөгөөд нийслэлийн Өмч хувьчлах комиссын дарга Х.Нямбаатар болон гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.
Энэхүү тогтоолын талаар холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг НЗДТГ-ын дарга Д.Амгалан, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаад нарт даалгажээ.