Төрийн захиргааны зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах бодлогын хүрээнд “Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгалаа.
Энэ компанийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ байгуулсан. Эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн нийт хувьцааны 66 хувийн төлөөллийг “Эрчист Монгол”, 34 хувийн төлөөллийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус хэрэгжүүлнэ гэж заасан юм.
Мөн”МИАТ” ТӨХК, “Монголын төмөр зам” ХК, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК, “Автоимпекс” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр “Эрчист Монгол” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийгтогтоосон.
Энэ тогтоолын 1, 2-т заасан компаниудын дүрэмд “Эрчист Монгол” ХХК-тай менежментийн гэрээ байгуулах, “Эрчист Монгол” ХХК-аас тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлөгч томилж, удирдамж, чиглэл өгч ажиллахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, “Эрчист Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батцэцэг), гүйцэтгэх удирдлага (Г.Амартүвшин)-д даалгаж байв.
“Энэ тогтоол гарсантай холбогдуулан эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын болон “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Засгийн газрын гадаад зээллэгийн хүрээнд үүссэн хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөрийг тооцоо нийлж баталгаажуулан, өр төлбөрийг төлүүлэх ажлыг зохион байгуулахыг “Эрчист Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батцэцэг), гүйцэтгэх удирдлага (Г.Амартүвшин)-д үүрэг болгосугай” гэсэн тогтоолыг 2025.03.19-нд гаргаж байв.











































































