Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр /2025.06.10/ Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д орууллаа. Ерөнхий сайдыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг өнөөдөр:
-
18.00 цагт УИХ-ын ТББХ-гоор
-
20.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх гэж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 19.15 цагт эхлэв.
Хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Ерөнхий сайдыг томилохтой холбоотой асуудлаар АН-ын бүлэг хуралдсан. УИХ төрийн шийдвэр гаргах үйл явцтай холбоотойгоор бүх нийтийн амралтын өдөр шийдвэр гаргах нь хуульд нийцэх, эсэх асуудал болон бусад асуудлыг хэлэлцлээ.
Ийм учраас энэ асуудлаар АН-ын бүлэг дахин хуралдаж, шинээр томилогдох Ерөнхий сайдтай холбоотой бодлогын асуудлууд гэх мэт чиглэлээр ярилцах шаардлагатай байгаа тул нэг цагийн завсарлага хүсэж байна гэв.
Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу завсарлага өгөв. Хуралдаан 20.30 цагт эхэлнэ.