Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно.
Баярт оролцох иргэдэд зориулж, Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг /Хүй 7 худаг/ хүртэл өдөрт гурван удаагийн давтамжтайгаар галт тэрэг аялуулахаар болжээ.
Тодруулбал, дээрх чиглэлд нийт 3 вагон аялах бөгөөд нэг вагон нь 81 хүний суудалтай.
Ойрын зайнд зорчих тул нэг вагонд 130-150 хүн суух боломжтой.
Давааны зөрлөгөөс /Хүй 7 худаг/ нийтийн тээврийн автобусаар иргэдийг наадмын талбайд хүргэх юм байна.