ОХУ-ын арми Украинд хориотой химийн зэвсгийг өргөнөөр хэрэглэсэн болохыг Нидерланд, Германы тагнуулын агентлагууд тогтоожээ. Тэр дундаа шуудуунд нуугдсан цэргүүдийг гаргаж ирэхийн тулд нисгэгчгүй онгоцноос амьсгал боогдуулагч бодис хаясныг нотлох баримт цуглуулсан байна.
Иймд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг Нидерландын Батлан хамгаалахын сайд Рубен Брекельманс уриаллаа. ОХУ-ын химийн зэвсэг хэрэглээ сүүл сүүлдээ улам энгийн үзэгдэл болж буйг тэр мэдэгдэв.
Германы “BND” гадаад тагнуулын агентлаг энэхүү дүгнэлтийг баталж, нотлох баримтыг олж авсан гэлээ.
Дэлхийн нэгдүгээр дайны үед Германы ашиглаж байсан хлоропикрин гэх химийн нэгдлийг ашигласан гэж АНУ өнгөрсөн оны тавдугаар сард ОХУ-ыг буруутгасан билээ.
Гэхдээ Оросын тал чимээгүй байсангүй, Украин ч бас химийн зэвсэг хэрэглэсэн гэж тэд буруутгаж байна. Тодруулбал, тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ “Холбооны аюулгүй байдлын алба Оросын зүүн нутгаас хлоропикрин агуулсан Украины тэсрэх төхөөрөмж илрүүлсэн” гэжээ.
193 гишүүн оронтой Гааг дахь зэвсэг хураах агентлаг Химийн зэвсгийг хориглох байгууллага Орос, Украины хэн хэнийх нь буруутгалыг хангалттай нотлогдоогүй гэсэн мдэгдэл хийсэн юм.
Украины эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлж буйгаар тус улсад гурван хүн химийн зэвсгээс болж амиа алдсан бол байлдааны талбарт шархадсан 2500 гаруй хүнээс химийн зэвсэгт хордсон шинж илэрчээ.
Хлоропикрин нь амьсгал боогдуулагч шинж чанартай бодис бөгөөд арьс, нүд, амьсгалын замыг хүчтэй цочроодог. Хэрвээ залгисан бол ам, ходоод түлэгдэж, дотор муухайрах, бөөлжих, амьсгал боогдох, давчдах шинж тэмдэг илэрдэг.












































































