Онцгой байдлын ерөнхий газраас Пүрэв гаригт (2025.07.24) орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, бороошсон газруудаар борооны өмнө түр зуур 24-33 м/с хүрч ширүүсэж, салхилсныулмаас Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сум, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт нийт 116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Дурдвал, Сүхбаатар аймгийн Халзан суманд 27 айлын гэр, 20 хашаа, гурван байшингийн дээвэр, цэцэрлэгийн тоглоомууд болон хүлэмж нурж, үерийн далан сэтэрсэн байна. Мөн айл усанд автсан, 15 автомашин шаварт суусан дуудлагаар сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, аюулгүй болгосон. Уулбаян суманд 11 гэр, нэг зөөврийн сууц, Түмэнцогт суманд зөөврийн сууц нурж, хоёр автомашины салхины шил хагарсан бөгөөд хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.
Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сумын нутгаар мөн өдрийн 21:00-22:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орж, борооны өмнө салхины хурд 25-33 м/с хүрч салхилсны улмаас Аргалант суманд долоо, Баянхангай суманд 36, Лүн суманд 13, Эрдэнэсант суманд хоёр буюу нийт 58 айлын гэр, 13 хашаа нурж, 16 автомашины салхины шил хагарсан байна. Уг мэдээллийн дагуу Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн алба хаагч, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор аймаг, орон нутгаас ажлын хэсэг гаргажээ.
Нийслэл хот орчмоор хүчтэй аадар бороо орж, борооны өмнө салхи ширүүссэний улмаас СБД-т нэг, СХД-т дөрөв, нийт таван байшингийн дээвэр хууларсан. СХД-т 28, Чингэлтэй дүүрэгт нэг, ХУД-т хоёр буюу 31 гэр нурсан, СХД-т нэг иргэн гэрт дарагдсан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж, аюулгүй болголоо.
Мөн Баянгол дүүргийн V хороо Саппорогийн уулзвар, Сүхбаатар дүүргийн I хороо, 28-р байрны гадна талбай, Хан-Уул дүүргийн VIII хороо Нисэхийн тойрог орчим, нийт гурван байршилд ус тогтсон дуудлагаар Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын шуурхай баг ажиллаж, ус соруулах, зайлуулах арга хэмжээг хэрэгжүүллээ.









































































